Их Оорцог овоо уулын дурсгал

Сүхбаатар аймгийн Түвшин ширээ сумын нутаг дахь Их Оорцог уулаас хойд зүгт гурван километр зайд Бага Оорцог уул харагдана. Энэ хоёр уулын энгэр бэлээс XIII, XIV зууны үеийн жирийн иргэдийн нийт 200 шахам булш оршуулга илрээд байгаа юм. Зөвхөн Их Оорцог ууланд л гэхэд Хүрэл, Хүннү, Монголын эзэнт гүрний үед холбогдох 90 гаруй булш оршуулгын дурсгал бий. Энэхүү дурсгалт газрыг анх 2005 онд доктор А.Очир, Л.Эрдэнэболд нар илрүүлэн, уг оршуулгын газрын бүтэц, булш оршуулгуудын хэмжээ, зохион байгуулалт, он цаг зэргийг тандан судалсан байна. 2021 оны наймдугаар сард Чингис хаан музей, Чингис хааны өв соёлын хүрээлэн, ШУТИС-ийн хамтарсан судалгааны баг “Эзэнт гүрний өв соёл” төслийн хүрээнд Их Оорцог уулын дурсгалт газарт хоёр дахь удаагийн археологийн малтлага судалгааг явуулсан. Хээрийн судалгааны баг тус дурсгалт газрын нийт дурсгалын тархцыг нэг бүрчлэн тодруулж бүртгээд, Их Оорцог-1, Их Оорцог-2, Их Оорцог-3 гэх гурван хэсэг газарт буй булшны бөөгнөрөл дээр тус бүрд нь өргөн хэмжээний малтлага явуулсан билээ. Энэ удаад тэд 22 булш малтан судалснаас дөрөв нь тоногдож сүйдсэн байсан бол үлдсэн 18 нь хөндөгдөөгүй, анхны байдлаараа хадгалагдаж үлдсэн байна.

Зургийн
галлерей