Шаньюйн дурсгал ба гол мод II

 2022-01-23 00:00:00
 142
Архангай аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчин, археологийн дурсгалаараа төдийгүй ард иргэдийн дунд яригддаг газрын нэр, түүх, домгоороо хүртэл ижил Гол мод нэртэй хоёр өөр газар бий. Нэг дэх Гол мод нь Архангай аймгийн Эрдэнэмандал, Хайрхан сумдын нутгийн зааг, Хүний голын савд буй. Тус газар нь Хүн улсын хаад, язгууртнуудын 470 гаруй булш, эртний нүүдэлчдийн ахуй соёл, зан заншлыг илэрхийлэх хосгүй үнэт дурсгалуудыг мянга мянган жил хэвлийдээ тээн өнөө үед уламжлан ирснийг 1955-1956 онд ахмад археологич Ц.Доржсүрэн нээн илрүүлж, анхны малтлага судалгааг эхлүүлсэн байдаг. Хоёр дахь Гол мод буюу энэхүү нийтлэлдээ онцолж буй Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг, Балгасын тал дахь дурсгалт газрыг өмнөхөөс нь ялгахын тулд Гол мод II гэж нэрлэсэн бөгөөд тус газрыг Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн судлаачид 2001 онд анх илрүүлжээ. 2002 оноос Монгол, Америкийн хамтарсан археологийн шинжилгээний анги Гол мод II дурсгалт газрын талбайн дэвсгэр зургийг үйлдэж 200 гаруй булш буйг тодорхойлон, тухайн жилээс эхлэн Хүннү улсын үеийн язгууртны 1 дүгээр булшны дагуул булшнуудаас малтан шинжилж эхэлсэн юм. Хүннүгийн язгууртны 1 дүгээр булш нь 37 метр урт үүдэвчтэй, үндсэн булшны хана, хашлага, чулуун өрлөг нь 45х46 метр хэмжээтэй тэгш дөрвөлжин хэлбэртэй, зүүн талаараа тал саран хэлбэрээр 29 дагуул булштай, үндсэн булш болон дагуул 29 булшны дунд дугуй хэлбэртэй арай том хэмжээтэй дагуул булшийг хийсэн байна. Үндсэн булшийг малтан шинжлэхэд газрын хөрснөөс 21 метрийн гүнд, дотроо гурван тасалгаа бүхий 8х6 метр хэмжээтэй дүнз модон бунхан байв. Нэг тасалгаанд австай шарил, хоёр дахь тасалгаанд сүйх тэрэгний алт, мөнгө, хүрэл чимэглэлүүд, хазаар зуузайнууд, гурав дахь тасалгаанд нь хойлгын идээ бүхий хүрэл тогоо, цар, цайны гүц, ваар сав, шилэн аягануудын хагархай зэрэг зүйлсийг тус тус дагалдуулан тавьсан байжээ. Дүнзэн бунханы дээд талд асар их гал түлж хойлголох зан үйл хийсэн байх бөгөөд их галын ором болох нүүрсэн үе дээр 17-18 орчим сүйх тэргийг зориуд эвдэн шатааж дагалдуулсан байв. Нүүрсэн үеийн дээд талын давхрага дээр 30 гаруй адуугаар зүлдний тахилга хийж тавьсан байна. Мөн энэ давхарга дээр эртний Хятадын Хан улсын үеийн модон сүйх тэргийг бүтнээр нь дагалдуулан тавьсан боловч, судлаачдын үзэж буйгаар хожмын булшны тонуулчид булш тонох явцдаа уг модон сүйх тэрэгний баруун талыг бүрэн эвдсэн бололтой. Түүнчлэн, “Оршуулгад зориулсан хойлголох зан үйл дуусч байх үед Хан улсын элч уг сүйх тэргийг авч ирсэн учраас эвдэж шатаалгүй дагалдуулан тавьсан байх магадлалтай” хэмээн Гол мод II дурсгалт газрын малтлага судалгааны багийг 20 жил удирдаж буй Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Ph.D), профессор Д.Эрдэнэбаатар өгүүлсэн юм. Язгууртны 1 дүгээр булшнаас илэрсэн сүйх тэрэгний төмөрлөг эд ангиуд болон хөллөгөө морины иж бүрэн алт, мөнгөн тоноглолууд, хаш чулуун эдлэл, хүрэл, төмөр эдлэлүүд, эртний Ромын шилэн аяга зэрэг нь зөвхөн Монгол Улсын нутгаас төдийгүй эртний Хүннү улсын соёл өргөн тархсан Евроазийн тал хээрийн бүс нутгаас анх удаа олдсон хосгүй үнэт археологийн дурсгал юм. Эдгээр олдворын холбогдох он цагийг, уг булшнаас гарсан нүүрс, мал амьтны яс, модон эдлэлүүдэд хийсэн радио-карбоны задлан шинжилгээний үр дүнгээр болон эртний Ромын шилэн аяга зэргийн он цагтай харьцуулан үзсэнээр манай эриний 40-80 оны үед холбогдохыг тогтоосон билээ. Гол мод II дурсгалт газрын язгууртны 1 дүгээр булшийг малтан судлах ажил бүтэн 10 жил үргэлжилж 2011 онд бүрэн дууссан гэхээр археологийн малтлага судалгаа гэгч нь хэр олон хүний хэчнээн удаан хугацааны нөр их хөдөлмөрийн үр болох нь харагдана. Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийнхэн сүүлийн 20 жилийн малтлага судалгааныхаа хүрээнд Гол мод II дурсгалт газрын 200 гаруй булшнаас зөвхөн дөрвийг нь л малтан шинжлээд байгаа юм. Үүнд, Хүннү улсын үеийн язгууртны 1 дүгээр булшийг дагуул булшнуудын хамт иж бүрнээр нь болон 5 дугаар булшийг 2011 онд бүрэн малтан шинжилж дууссан бол 2017-2019 онд язгууртны 189 дүгээр булшийг дагуул булшнуудын хамт иж бүрнээр нь болон 10 дугаар булшийг тус тус малтан шинжилсэн юм. Энэхүү нүсэр ажил Монголын археологийн судалгааны түүхэнд Хүннү улсын язгууртны булшийг дагуул булшнуудтай нь хамт иж бүрнээр нь малтан судалсан анхны судалгааны ажил болсноороо онцлогтой. Хэдийгээр язгууртны 1 дүгээр булш тухайн цагтаа бүрэн тоногдсон байсан ч түүнд дагалдуулан тавьсан эд өлгийн зүйлсийн тоо хэмжээ, чанар чансаанаас харахад уг булшны эзэн яах аргагүй эртний Хүннү улсын хаан байсан нь илт. Харин эдгээр хосгүй үнэт олдворууд хэн гэдэг, ямар шаньюйн эд хэрэгсэл болох нь цаашдын олон жилийн судалгаа, цаг хугацааны явцад тодорхой болох биз ээ. 2013 оны Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг дахь Балгасын талын Гол мод II дурсгалт газрыг Монгол Улсын хамгаалалттай Түүх-соёлын дурсгалт газар болгож, язгууртны 1 дүгээр булшнаас илэрч олдсон алт, мөнгө, хаш чулуун чимэглэл, эртний Ромын шилэн аяга, зарим хүрэл эдлэлийг Монгол Улсын хосгүй үнэт археологийн дурсгалаар бүртгэсэн юм. Түүнчлэн, 189 дүгээр булшнаас илэрч олдсон хос мөнгөн луу, титэм хэлбэрт алтан эдлэл, хөллөгөөний морины иж бүрэн мөнгөн тоногийг АНУ-ын Археологийн институтээс эрхлэн гаргадаг Archаeology (Эртний судлал) сэтгүүлээс “2019 оны дэлхийн шилдэг 10 археологийн нээлт”-ийн нэгээр зарласан билээ. Эдгээр үнэт өв Монголбанкны Эрдэнэсийн сан хөмрөгт хадгалагдаж байна. "Чингис хаан музейн мэдээлэл" сэтгүүлийн №1 дугаараас...