Орчин үеийн музейн чиг хандлага

 2022-01-23 00:00:00
 177
Хүн төрөлхтний түүхэнд музей гэх ойлголт тэртээх XV зуунд үүссэн. Харин манай улсад 1921 онд шинжлэх ухааны анхны байгууллага болох Судар бичгийн хүрээлэн байгуулагдаж, 1924 онд тус хүрээлэн музей, номын сан зэрэг салбаруудтай болж өргөжсөнөөр орчин үеийн музейн үндэс тавигдсан билээ. Аав ээж, ангийн найзуудтайгаа хамт музей үзсэн өдөр балчир хүүхдүүдийн хувьд амьдралынх нь нэгэн гэрэлтэй дурсамж болон үлддэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймдээ ч музейг ховор нандин үзмэрүүдийг хадгалан хамгаалж, үзэгчдийн нүдийг баясгаж, танин мэдэхүйн талаас шинэ мэдлэг өгдөг бахархам сайхан ордон гэдгээр нь найман настай балчираас наян настай буурлууд андахгүй. Гэвч орчин үед музейн тухай ойлголт эрс өөрчлөгдөж байна. Хүүхдүүд байтугай насанд хүрсэн хүмүүс ч музейн үзмэрүүдтэй амьд харилцаа үүсгэн, зөвхөн харах биш хүрэх, үнэртэх хийгээд амтлах, он цагийн алсаас цуурайтах дуу чимээг сонсох зэргээр таван мэдрэхүйгээрээ хүртэж байж сэтгэлийн таашаал эдэлж, сая жинхэнэ музей үзсэн болдог эрин үе ирсэн байна. Энэ нь, дижитал технологи бүхий л салбарт хүч түрэн нэвтрэхийн хэрээр шинэ үеийнхэн эпикуринизм буюу сэтгэлийн таашаалыг дээдлэх үзлийг баримтлах болсонтой холбоотой аж. Тиймдээ ч орчин үеийн музейнүүд нийгэм, соёлын хурдацтай хөгжилтэй хөл нийлүүлж, техник технологийн дэвшлийг ашиглан соёлын биет өвүүдийг элэгдэл, гэмтлээс хамгаалахаас гадна үзмэрээ үзэгчдэд аль болох сонирхолтой байдлаар хүргэх шинэлэг шийдлүүдийг эрэлхийлж, бас нэвтрүүлж байгаа билээ. Тодруулбал, технологийн дэвшлийг ашиглан музейд тэр болгон дэлгэн харуулах боломжгүй үнэт ховор олдворуудыг олон нийтийн хүртээл болгох боломжтой болжээ. Museum Tech буюу үзэсгэлэнгийн танхимд дижитал технологийг нэвтрүүлэх нь өнөө үед музейн хөгжлийн шинэ чиглэл болоод байгаа юм. Орчин үеийн алдартай музей, галерейнууд аудио технологи, мэдрэгчтэй интерактив дэлгэцүүд, AR, MR, VR болон хөгжлийн бэрхшээлтэй зочдод зориулсан технологи зэрэг дижитал технологиудыг үзэсгэлэнгийнхээ танхимд нэвтрүүлж, музейн шинэ үеийн трендийг тодорхойлох болсон. Эдгээр технологи нь уламжлалт дэлгэцүүдийг шинэлэг хэрэгслүүдтэй нэгтгэж, үзмэрийг үзэгчдэд виртуаль байдлаар мэдрэх боломжийг олгодгоороо давуу талтай. Жишээлбэл, Клевлендийн урлагийн музей, Торум Маа угсаатны зүйн музейд зочлогсод үзэсгэлэнд тавигдсан олон үзмэрийг ухаалаг утсаараа дамжуулан сонирхолтой хэлбэрээр, тайлбартай нь үзэж сонирхох болсон. Энэхүү дэвшилтэт шийдэл нь 2008-2009 онд Бруклины музей үзэгчдийн гар утсан дээр туршилт хийснээс үүдэлтэй аж. Түүнчлэн, Амстердам дахь Ван Гогийн музей нь зураачийн алдартай бүтээлүүдийг виртуаль хэлбэрээр үзүүлдэг болсноор тус музейд зочлох урлаг сонирхогчдын тоо нэмэгдсээр байна. Эдгээрээс гадна байгалийн түүхийн музей, угсаатан зүйн музей, шинжлэх ухаан, технологийн музейнүүд үзмэрүүдээ ашиглан дэлхий ертөнцийн өмнө тулгамдаж буй чухал асуудлуудыг олон нийтэд сурталчлан, ирээдүй хойч үедээ хөрөнгө оруулах болсон юм. Музейн салбар дахь инновацийн эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж буй энэ үед Монголын музейнүүдэд ч виртуаль үзмэрүүд эхнээсээ бий болж байна. Тухайлбал, Хархорины музейн виртуаль үзмэрүүд, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн музейн виртуаль орчин, Цагдаагийн ерөнхий газрын музейн виртуаль үзмэр, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн AR үзмэр зэргийг жишээ болгон дурдаж болно. "Чингис хаан музейн мэдээлэл" сэтгүүлийн №1 дугаараас...