Монголын эртний төрт улсуудын танхим

Хүннү гүрнээс өмнө 1000 гаруй жилийн тэртээгээс нүүдэлчдийн соёл бүрэлдэн бий болж, энэхүү хөрс суурин дээр Хүннү гүрэн байгуулагдсан гэдгийг харуулахын тулд танхимын эхний хэсгийн үзүүллэгийг “Нүүдэлчдийн амьтны загварт урлаг” сэдвээр дэглэжээ. Танхимын дараагийн хэсэгт Хүннүгийн язгууртны булш оршуулгын дурсгалаас илэрсэн археологийн олдвор, эд өлгийн зүйлст тулгуурлан Хүннү гүрний язгууртны амьдрал ахуй, соёл, төрт ёсны бэлгэдэл, хүч чадал, зэр зэвсэг, хаад ихэсийн орд өргөө, тэнгэрт халихад нь хэрхэн хүндэтгэн оршуулж байсан зэрэг зөвхөн хаад язгууртны соёлын өвийг дэглэв. Мөн Монгол нутагт оршин тогтнож байсан эртний Сяньби, Жужан улсын соёлын өв, археологийн үнэт олдворуудыг үзэх боломжтойгоос гадна АR, VR зэрэг орчин үеийн техник, технологийн тусламжтайгаар та бодит орчинг мэдрээрэй.